Ням-Осор Учрал
Н.Учрал: Эмч, багш нарыг төрийн жинхэнэ албан хаагч болгож хуульчилмаар байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал эмч багш нарын цалин, хөлс нийгмийн баталгааны талаар байр сууриа илэрхийлэв. Тодруулбал, тэрбээр “Би эмч, багш нарын цалин, нийгмийн баталгаа, онцгой нэмэгдлийн асуудалд санаа зовж явдаг. Багш нар л гэхэд 585286 төгрөгийн цалинг анх авч эхлээд таван жилийн дараа шатлал өсч 4000 төгрөгийн нэмэгдлийг авч байна. Ингээд 10 жил багшаар ажиллаж байж 16000 төгрөгийн нэмэгдэл авдаг. Ийм цалинтай яаж амьдрах вэ?. Бид эмч, багш нарын эрхийг олон жил ноцтойгоор зөрчиж ирлээ. Тухайлбал, эмч, багш нар Төрийн албаны хууль бус Хөдөлмөрийн тухай хуулиар ажиллаж ирсэн. Хэдий болтол эмч, багш нарыгаа төрийн үйлчилгээний албан тушаалтнаар ажиллуулах юм бэ. Багш, эмч нарыг төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалтан болгож хуульчилмаар байна. Засгийн газрын тогтоол гаргаж хэдхэн төгрөгөөр цалинг нь нэмдэг байдал нь дорвитой өөрчлөлтийг авчрахгүй байна. Үүнээс үүдэн манай улс багш, эмчгүй болох нь. Бид Засаг барьж байх үедээ Төрийн албаны хуулиндаа бодитой өөрчлөлтийг хийх ёстой гэж бодож байна. Эмч, багш нарыг шүүгч, прокурор шиг төрийн жинхэнэ албан хаагч тэр дундаа тусгай албан хаагч болгомоор байна. Эдгээр асуудлыг шийдэж байж эмч, багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал нь шийдэгдэнэ. Тэгэхгүй бол нэг Засгийн газар гарч ирээд тогтоол гаргачихаад “Та нарын цалинг 5000 төгрөгөөр нэмсэн шүү” гэж явбал энэ асуудал шийдэгдэхгүй. Мөн багш нарын хөгжлийн асуудлыг ч орхигдуулж ирлээ. Сингапур, Финландын хөгжлийн нууц юу юм бэ?. Сингапур гэхэд л багш нарыгаа төрийн тусгай албан хаагч гэж үздэг. Би багш нарын санал, гомдлыг авах төвийг ажиллуулж эхэлсэн. Энэ төвд хандсан багш нар “Бид нарыг төрийн жинхэнэ албан хаагч болгож өгөөч” гэсэн саналыг их ирүүлсэн. Тэгэхээр Төрийн албаны хуулийг бодитоор өөрчилж байж баталъя. Ингэсэн тохиолдолд Төрийн албаны хууль бодитойгоор хэрэгжихээс гадна манай улс сайн багш, эмч нартай болно. Тэр цагт эрүүл чийрэг иргэдтэй сайн боловсролтой залуустай болно. Энэ асуудлыг дэмжээд явах боломж байна уу гэдгийг ажлын хэсгээс асуумаар байна” гэлээ.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй бөгөөд төсөлд дараах асуудлыг шинээр тусгажээ. Үүнд, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөлийг баталгаажуулах, иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хуулиар тодорхойлж, түүнийг тууштай хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулах юм байна. Мөн мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх, төрийн албан хаагч /улс төрийн албан хаагчаас бусад/ улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох явдлыг таслан зогсоож, улс төрийн нөлөөнөөс ангид, ард түмнийхээ тусын тулд, зөвхөн төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах Үндсэн хуулийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломж бүрдүүлэх зэрэг олон чухал заалтыг тусгажээ.